Түгээх    
Алдарт концессийн эзэн С.Бямбацогт сайд Азийн тэргүүн баячуулын эгнээнд орлоо гэв үү

Алдарт 7 концессийн эзэд хэн бэ. Ийм асуулт МАН-ынхан Засгийн эрхэнд гарахтай зэрэгцэн кабинетийн зарим нөхрийг боргоох болсон. Хэдийгээр дээрх 7 концессийн зургаа нь АН-ын үед гарын үсэг зурагдаж, ажил эхэлсэн гэх тайлбар бий ч албан тушаал, ашиг сонирхол нам үл харгалзан нэг хэтэвчинд багтдаг хойно яалтай.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт гэхэд нэгийг нь халааслаж дөнгөсөн байгаа юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл төслийг Концессоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 2014 оны зургадугаар сарын 13-нд концесс олгох уралдаант шалгаруулалт зарлаж гурван компани шалгарсан бөгөөд хоёр нь Засгийн газраас баталгаа шаардсан учир тухайн үеийн Хөрөнгө оруулалтын газраас тэдгээр компанийг хасч, Засгийн газраас баталгаа шаардаагүй, уралдаант шалгаруулалтад тэнцсэн “Алтай трест” ХХК-тай Концессын гэрээний хэлэлцээг эхлүүлсэн гэдэг. Хэлэлцээ дууссан тул Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 6-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлж гэрээг байгуулсан нь тэр. Гэхдээ тухайн хоёр компанийг хассан шалтгааныг улс төрийн нөлөө, эрхэм түшээгийн нөмөр нөөлөг гэж хардах нь бий.

Тухайн үед шинэчлэлийн Засгийн газрыг эсэргүүцэгч, шударга журамт мэт С.Бямбацогт үнэн хэрэгтээ ийм ажил амжуулж явсныг өдгөө намынхан нь ч жиг жуг хийж байна. Ямартаа энэ хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын баз АН-ын гишүүн Д.Батцогтыг ч холбоотой гэдэг. Алин ч байлаа гээд нэгэн үе С.Бямбацогтын эзэмшилд бичигддэг байсан “Алтай трест” ХХК Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэлийн 77.7 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг авсан нь л үнэн юм.

Концесст өөрсдийн компаниудаа оруулсан гэх хардалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “2014 онд “Алтай трейст”-ийн хувьцааг зарж, холбогдолгүй болсон. Гэсэн ч миний нэр салахгүй явж байгаа” гэсэн тайлбар хийсэн байдаг. Түүний хэлснээр 2014 онд мань хүн компанийнхаа хувьцааг арилжсан бол тэр концессийн хөрөнгийг халаасламагцаа компаниа шилжүүлж гэж ойлгогдоно. Учир нь концессийн гэрээг үзэглэсэн нь 2013 он. Тэгээд ч өөрийн дүүгийн нэр дээр шилжүүлсэн компанийг нь үнэхээр зарагдсан гэж үзэх хаашаа ч юм.

Нэг болохоор минийх биш гэж мэлзэх, нөгөө талаар зарсан гэгддэг “Алтай трест”-ийг нь талх зарж олсон орлогоороо дүүтэйгээ тоосго цохин байж босгосон олон компанийнх нэг гэдгийг бизнесийн салбарынхан андахгүй. Компанийг өөрийн болгосон түүх нь ч энгийн. “Алтай трест” компанийг хувьчлагдах сургаар эрчим хүчний бүтээн босголтын талаар гавьтай ойлголтгүй хэрнээ таван кранд нь хорхойссон гэдэг. Улмаар “Алтай трест”-ийн 60 хувийг 300 гаруй сая төгрөгөөр худалдан авсан гэж байгаа. “Нью прогресс” группыг үүсгэн байгуулагч түүний хяналтад “Алтай трест”, “Алтайн зам”, “Ховдын өргөө” хувьцаат компаниуд болон “Мост” ХХК бий.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Агротехимпекс” ХК, “Силикат”, “Зоос Гоёл”, “Таван Толгой”, “Говь”, “Хар тарвагатай”, “Ремикон” компаниудыг дурьдсан байна билээ.

 

Х.Харцага

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 1
zochin (202.179.*.*)
2017/08/31 11:46:17
man-nhan bayjij duusaj bgaan bnldaaaaa