Түгээх    
​С.Чинзориг: Мэргэжилтэй ажилчин бусдаас дутахгүй сайхан амьдарч болно

 

 

“Монгол Улсын Засгийн газар ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах асуудлыг тэргүүлэх чиглэлдээ оруулан тодорхойлсон. Сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа бөгөөд ажилгүйдлийг бууруулах нэг үндсэн чиглэл нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг дэмжих, чадавхижуулах, материаллаг баазыг нь сайжруулах юм.

Харамсалтай нь манай мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй  мэргэжлийн нарийн судалгаа хийлгэж, түүндээ нийцсэн сургалт явуулж чадахгүй байгаа.

Сүүлийн үед МСҮТ, политехник коллежид элсэгчдийн тоо буурах хандлагатай байгаад дүгнэлт хийж шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхой болгож цаашид суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь ур чадвартай мэргэжилтэй ажилчин дээд боловсролтой хүнээс дутахгүй сайхан амьдарч болно гэдгийг залуучуудад ойлгуулах. Их дээд сургуульд элсэх босго оноог сүүлийн жилүүдэд нэлээд бууруулсан нь ЕБС төгсч байгаа хүүхдүүдийг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг сонгохгүй байхад нөлөөлж байх талтай учир энэ байдлыг өөрчлөх талаар яриа хэлэлцээ өрнүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.  Түүнээс гадна мэргэжилтэй ажилчдыг ур чадвараасаа хамаараад мэргэжлийн зэрэгтэй болгох, энэ нь үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг байхаас гадна зэргээсээ хамаарч ялгамжтай цалин хөлс авдаг байх тогтолцоог бий болгохын тулд тодорхой хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах шаардлага бий” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны бодлого хариуцсан ахлах зөвлөх Доротий Швилл нарыг хүлээн авч уулзах үедээ ярьсан юм.

Тэрээр мөн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газарт асуудал оруулж шийдвэр гаргуулах ёстой гэж үзэж буйгаа ч дуулгасан.  
Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад сурч төгссөн залуучуудын 35 орчим хувь нь ажлын байргүй гэдэг шалтгаанаар ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Нөгөө талаас нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 85 хувь нь ес хүртэлх ажиллагсадтай жижиг аж ахуйн нэгж учраас  мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцаж ур чадвар эзэмшсэн залуучуудыг Хөдөлмөрийн биржээр зуучлан 100 хувь ажлын байраар хангах нь хүндрэлтэй асуудал болоод буйг сайд яриандаа онцолсон.  
 

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс тодорхой хэмжээний ур чадвар эзэмшсэн залуусыг өөрт бий болгосон ур чадвартаа түшиглэн ажлын байртай болох, хувиараа аж ахуй эрхлэхэд нь жижиг зээл, шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг нь лизингээр олгодог үйлчилгээг бий болгож чадвал ур чадварт түшиглэсэн ажлын байр  бий болгох боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа С.Чинзориг сайд Элчин сайд болон зочдод танилцууллаа. Элчин сайд Штефан Дуппел манай хоёр орны хамтын ажиллагаа мэргэжлийн боловсролын салбарт түлхүү анхаарах ёстойг цаг үе харуулж байгааг дурдаад энэ чиглэлд бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн. Мэргэжлийн боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа сайдыг дэмжиж хуулийн шинэчлэл дээр Германы туршлагаас хуваалцах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ. Тэрээр “Залуусыг мэргэжлийн боловсрол руу татах таны санаа их зөв. Монголын эдийн засгийг мэргэжлийн боловсролын сургууль төгсч мэргэжил эзэмшсэн, ур чадвартай залуус авч явна гэдгийг сурталчлан таниулах ажлыг хийх хэрэгтэй бөгөөд энэ тал дээр бид зохих хэмжээгээр дэмжиж туслах боломжтой. Мэргэжлийн боловсролыг дэмжих Германы төсөл хэрэгжиж байгаа төвүүдэд элсэх хүсэлтэй хүүхдийн тоо жил бүр өсч байгаа гэсэн таатай мэдээлэл бий. Тиймээс төсөл хэрэгжиж байгаа сургуулийн нэг Барилгын политехник коллежид герман хэлний анги нээсэн. Мэргэжлийн сургуульд сурч байхдаа герман хэл сурсан хүүхдүүдэд Германд дадлага хийх боломж бүрдэх юм. Энэ нь дунд сургууль төгсч байгаа хүүхдүүдийг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг сонгох нэг хөшүүрэг болж болох юм гэж найдаж байгаа” хэмээн ярьсан юм.

Мөн ирэх Германы хос мэргэжлийн сургалтыг олон нийтэд сурталчлах томоохон арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байгаагаа дуулгасан.
Цаашид мэргэжлийн боловсролын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдүүлэхийн тулд одооноос хаа хаанаа идэвхтэй ажиллах ёстой гэдэгт хоёр тал санал нэгдсэн юм. 
Хатагтай Доротий Швиллийн хувьд Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яаманд Монгол Улсыг хариуцан ажилладаг бөгөөд энэ удаа хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжиж байгаа төслүүдтэй газар дээр нь танилцаж үнэлгээ дүгнэлт өгөхийн цаашдын хамтын ажиллагаанд аль чиглэлийг түлхүү анхаарах ёстой вэ гэдгийг судлах зорилгоор ирсэн гэнэ. Доротий Швилл “Мэргэжлийн боловсролын салбарын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төслийг үргэлжлүүлэх хүсэл эрмэлзлэл бидэнд байгаа. Харин ямар хугацаагаар, ямархуу цар хүрээтэй үргэлжлэх вэ гэдгийг ирэх онд болох хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийднэ” хэмээсэн бөгөөд төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа хуваалцсан юм.
 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд POWER.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Сэтгэгдэлүүд
Нийт 0