Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох, зарчим ёсны салхи сэвэлзэж эхэлсэн нь сайшаалтай ч нэгэнт бугшсан “Шударга бусын хонгил” тийм амар нурчихаагүй гэдгийг зарим зүйлээс харж болно. Улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэмт этгээд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжаваас эхлээд цөөнгүй хүмүүс ялгүй үлдэж, зарим нь ялаас мултарч байгааг ч харлаа.
Тэгвэл ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан “Эрэл”-ийн хэмээх Б.Эрдэнэбат ял завших ажиллагаа зохион байгуулж байгаа гэх. Шуудхан хэлэхэд ялаас мултрах “Шударга бусын хонгил”-ыг сэргээн ажиллуулж байгаа аж.
Эрэлийн гэгдэх Б.Эрдэнэбатыг шүүхээс “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан. Мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн” гэм буруутайд тус, тус тооцож шүүхээс долоон жилийн хорих ял өгч, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон байна.
Түүнчлэн Б.Эрдэнэбатад 20 тэрбум гаруй төгрөгийг хохирогчид олгохыг даалгасан байдаг. Гэтэл Б.Эрдэнэбат нь өөрийг нь ялаас мултлах ажиллагаа нэгэнт эхэлсэн учраас “Энэ мөнгийг хохирогчид төлөхгүй, төлөхгүйгээр талыг нь тараахад би суллагдана, тараахад бэлэн байна” хэмээн өмгөөлөгчдөө сайрхсан тухай хүмүүс шуугиад эхэллээ .
Б.Эрдэнэбат нь Хөгжлийн банкнаас болон бусдаас авсан 300 тэрбум гаруй төгрөгийн өр төлбөрөө төлөхгүй улсыг үлэмж хэмжээгээр хохироож байгаа хүн. Тэрээр шүүхийнхэнтэй зууралдаж, учрыг нь олж ирсэн туршлагатай, хонгилын шүүгч, өмгөөлөгч нарын туслалцаатайгаар маш олон хэргээс мултарч, банкыг хүртэл өөрийг нь залилан мэхэлж зээл олгосон хэмээн шүүхэд мэдүүлдэг.
Улмаар авсан зээлээ хүүгүй болгож, хэдэн жилээр ашигладаг ид шидтэн гэмээр түүхтэй. Түүнийг нь түүнээс авлагатай аж ахуйн нэгж, хүмүүс андахгүй. Энэ удаад ч гэсэн олон тэрбумын дүнтэй хэргээсээ хонгилынхны дэмжлэгтэйгээр сугарч үлдэхээр чармайж явна.
Түүний өмгөөлөгч Л.Энхбат нь Ерөнхий шүүгч Д.Ганзоригтой “хэргийг анхан шатанд буцаах талаар тохирсон”, “миний үйлчлүүлэгч дээрээ дээвэртэй, дороос тулаастай хүн” гэж ярьсан нь бусдын сонороос мултарсангүй. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн дунд Л.Энхбатын дурдсан “Дээвэр” гэгч нь чухам хэн бэ гэх асуулт ямар ч хариултгүй үлдэж байгаа учраас хаа хаанаа таамаг дэвшүүлэх болжээ.
Өмгөөлөгч Л.Энхбат Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Зоригтой хамсан Б.Эрдэнэбатын хэргүүд дээр ажиллаж байсан ба хуулийнхан дунд “хонгилын өмгөөлөгч” гэж нэрлэгддэг этгээд аж. Энэ хоёр этгээд хүзүү толгой нийлүүлэн хуульчдыг тойрч уулзах болсон нь Б.Эрдэнэбатын сайрхал худлаа биш болохыг илтгэж байх шиг.
“Эх орон-МАШСН” –ийг 1999 онд одоогийн Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Б.Эрдэнэбат байгуулсан байдаг. Тус намын гишүүн асан Сам.Отгонбаяр гэгч Б.Эрдэнэбатын хэрэг дээр гэнэт гарч ирэн өмгөөлөгч Л.Энхбат гэгчийг дагуулан, давж заалдах шатны шүүгч нар, дээд шүүх, Ерөнхий шүүгчидтэй тойрон уулзалдах болсон нь хачирхалтай. Сануулахад Сам.Отгонбаяр 2004 оны сонгуулиар БЗД-т Ж.Гүррагчаад цөөхөн саналаар ялагдаж зарга хийх гэж яваад Хөх хотын консулын албаар тохиролцож гомдлоо татсан аж.
Сам.Отгонбаяр ч гэсэн 2004 онд намын дарга Б.Эрдэнэбатдаа голгүй гомдож байгаагаа хэвлэлээр зарлан бухимдаж явсан. Гэтэл одоо яагаад түүнд туслах болов. Түүнийг юу ийнхүү хөдөлгөв гэдэг анхаарал татаж байна. Энэ бүхний учгийг тайлах цаг ирэх болов уу?
Ямартай ч улсад 300 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан нөхөр ийнхүү шударга ёсны төлөө босно, “Монгол ялна” хэмээн ам бардам гарч ирсэн Ерөнхийлөгчөөр “Шударга бусын хонгил”-ын хаалгыг сэргээн нээлгэхээр улайрч байгаа бололтой.
Тэр тусмаа улс төрийн “үхдэл” болсон ч амь тавьдаггүй Сам.Отгонбаяр, тодорхой албан тушаалгүй ч шүүх хүчний байгууллагад авлигын замаар нөлөөлөхийг оролддог Л.Энхбат нарын хүмүүс оролцож байгаа нь зөвхөн Б.Эрдэнэбтаын ялыг завших бус Монгол Улсад тогтож ядаж байгаа шударга ёсыг нураах нэгэн том “бөмбөг” л болно. Гэхдээ шударга ёс ялах уу, шударга бус ноёлох уу гэдгийг Б.Эрдэнэбатын хэргээс харах л үлдлээ.
Б.Баяр