Москва хотын ерөнхий боловсролын 324 дүгээр сургууль 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол орон, түүний соёл, түүх, зан заншил, уламжлалаар амьсгалав. “Галт шувуу” буюу “Жар-птица” хэмээх содон нэртэй тус сургуулийн дэргэдэх Өсвөрийн дипломатуудын клубын гишүүд аль нэг улсыг сонгон, тухайн оронд зориулсан танилцуулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг ажээ.
Энэ удаа Оросын ирээдүйн залуу дипломатууд манай орныг үе тэнгийн сурагчид, багш нартаа таниулж, Монголын эртний домгоос сэдэвлэсэн театрчилсан тоглолт үзүүлж, сургуулийн авьяаслаг охид алдарт Аягатай бүжгийг амилуулж, шилэн сонгогдсон охин хүү хоёр Монгол орны онцлогийг дэлгэрэнгүй хүүрнэж, алсын Москвад талын Монголын тухай энгүүн сайхан яриа хөөрөө өрнүүллээ.
Монгол Улсын төрийн далбаа, төрийн сүлд, хүн ам, соёл иргэншлийн онцлог, байгаль цаг уурын нөхцөл гээд олон сэдвийг хамарсан танилцуулга дотор Монголын хамгийн алдартай хүмүүсээр Чингис хаан, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, их зохиолч Дашдоржийн Нацагдорж нарыг орос хүүхдүүд нэрлэсэн нь сонирхол татам байлаа. ОХУ, Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн залсан тайзнаа их Нацагдоржийн “Миний нутаг” найраглал орос хадмалтайгаар хүүхдүүд, багш нарын сонорыг мялаав.
Уг арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдыг яамыг төлөөлөн оролцсон зөвлөх Ц.Ганболд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд оросын залуу үед манай орныг танилцуулах санаачлага гаргасан өсвөрийн дипломатуудад баяр хүргэж, “Ардын хувьсгал, Халх голын байлдаан, Аугаа их эх орны дайны жилүүдийн дайчин нөхөрлөл, энх цагийн зузаан найрамдлаар бат холбогдсон манай ард түмнүүдийн дараагийн зууны харилцааг орос, монголын залуус та нар түүчээлж явах түүхэн үүрэгтэй шүү” хэмээн захилаа.
Эх сурвалж: ГХЯ