news-details
Мэдээ

Б.Жавхлан: Хөгжлийн банкнаас ТӨҮГ-т хамаарах зээлийг төсөв рүү өгөх санал гаргаагүй.

Хөгжлийн банктай холбоотой асуудалд Сангийн сайд болон Ерөнхий сайд мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банк дээр байгаа ТӨҮГ-ын зээлийг төсөв рүү шилжүүлэхгүй. Анх зээл гарахдаа төсөв үүрэг хүлээгээгүй. Ард түмний татвараар төлөхгүй. Хөгжлийн банкнаас ТӨҮГ-т хамаарах зээлийг төсөв рүү өгөх санал гаргаагүй. Бусад чанаргүй зээлтэй адилтган үзэж хариуцлага тооцно" гэв.

Хөгжлийн банк дахь чанаргүй зээлийн гуравны нэгийг буюу 720 тэрбум төгрөгийг ТӨҮГ эзэлж байгаа юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөгжлийн банканд 150 гаруй тэрбум төгрөгийг эргэн төлсөн. Эрдэнэт, Оюу Толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой мэдээллийг Засгийн газраас гаргаж өгсөн тул хууль хяналтын байгууллага шийдэж, цэг тавих учиртай. Цаашдаа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг мөн дэлгэж тавина. Энэ асуудлыг шийдвэл Монгол Улсын эдийн засаг хоёр дахин нэмэгдэнэ. Тэнд байгаа хүмүүст маш их ашигтай байсан тул Гашуун Сухайтын төмөр замыг олон жил гацаасан. Энэ луйвартай эвлэрээд улс төрийн үхдэл болохоос би айна. Харин огцрохоос айхгүй. Дээрээс нь ТӨҮГ-ын зарим асуудлыг шийднэ. Зарим зүйлсийг олон нийтэд дэлгэнэ. Эдгээр асуудлыг цэгцэлчихвэл Монгол улс авлигатай тэмцэх индексээр хоёр оронтой тоо руу орно" хэмээв.

Хуваалцах