news-details
Мэдээ

Н.Мандуул: Явцын хяналтын систем нэвтрүүлсэн учир чанаргүй зээлийн асуудал бага гарна

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан компани, хувь хүмүүс зээлээ эргэн төлөөгүйн улмаас банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсан таагүй мэдээ олон нийтийн анхаарлын төвд ороод удаж байна. Банк 66 компаниас 3.2 их наяд төгрөгийн зээл нэхэмжилж эхэлсэн. Зээлдэгчдийн хэргийг АТГ шалгаж буй. Зээлийн эргэн төлөлтийн хурд ямар байгаа, банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж буй эсэх талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.МАНДУУЛААС тодрууллаа.
-Хөгжлийн банк найдваргүй зээлдэгчдээ зарлан, нийгмийн анхааралд оруулснаар зээл тодорхой хэмжээгээр төлөг¬дөж эхэлсэн. Одоогоор хэдэн төгрөгийн зээлийг эргүүлж төлөөд байна вэ?
-Хөгжлийн банк 2011 оны тавдугаар сард байгуулагдаж, 2012 оноос хойш 3000 орчим төсөл, арга хэмжээнд 7.5 их наяд төгрөгийн зээл олгосон байдаг. Нийт зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй, мөн арилжааны банкаар дамжуулан олгосон зээл гэсэн гурван багцад хувааж үзэж болно. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 355 төсөл, арга хэмжээнд 2.5 их наядын зээл олгосон. Харин төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй 95 төсөлд 3.3 их наядын зээл олгосон. Арилжааны 11 банкаар дамжуулан 17 төсөл, хөтөлбөрийн 2542 дэд төсөлд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосон байдаг юм.
Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүдийг 2017 онд улсын төсөвт шилжүүлсэн байдаг. Арилжааны банкаар дамжуулан олгосон зээл нь бүгд төлөгдөж дууссан. Харин төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон 3.3 их наядын зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн учраас өнөөдрийн үр дагавар бий болоод байгаа нь энэ. Асуудлыг хөндөж эхэлсэн 2021 оны эцэст нийт 66 зээлдэгч 3.2 их наядын зээлийн багцтай байсан бол өнөөдрийн байдлаар 56 зээлдэгчийн 2.9 их наядын зээлийн үлдэгдэл яригдаж байна. Хамгийн сүүлийн мэдээллийг харахад, 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 50 зээлдэгч нийт 634.6 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна. Үүнээс 11 зээлдэгчийн 262.9 тэрбум төгрөгийг бүрэн төлж хаасан байна. Эргэн төлөлт хийгээд байгаа ч зээлийн хүү болон валютын ханшны зөрүүнээс үүдэн зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй харагдаж байгаа юм.
Явцын хяналт чухал юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Одоо бид явцын хяналтад ач холбогдол өгч, анхаарч эхэлсэн. Нэг л зээл эвгүйтэх шинжтэй боллоо гэж үзвэл зээлдэгчтэй уулзаад “Төслийн явц ямар байна, бид хэрхэн дэмжих вэ, ямар уян хатан нөхцөл байж болох вэ” гэдэг асуудлыг ярьж, гарцаа хэлэлцэж байна.

Хуваалцах