news-details
Мэдээ

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цас орж, 40 хэм хүрч хүйтэрнэ


2022 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар, тэр дундаа Улаанбаатар хотод цас орж, цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар-аас анхааруулж байна.
Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Төв Сибирийн бүсээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул арваннэгдүгээр сарын 27, 28-наас буюу ирэх амралтын өдрүүдээс эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орно. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 28,29-ний шөнө хамгийн хүйтэн байх бөгөөд Туул гол орчим, Яармаг-Сонгинын  бүсэд -40 хэм, хотын төв орчимд -30-33 хэм хүрч хүйтрэх төлөвтэй. Хур тунадасны хувьд 27-ны өдрөөс эхлэн цас ороод 28-нд багасна, 1-4 см зузаантай цасан бүрхүүл үүсэж магадгүй” гэж мэдээллээ. Арваннэгдүгээр сард ингэж цочир хүйтэрсэн тохиолдол хамгийн сүүлд 2016 онд болж байсан бөгөөд энэ удаад түүнээс 2-3 хэм хүйтэн байх аж.
Иймд цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох, дулаан хувцаслахыг иргэд та бүхэндээ анхааруулж байна.

Хуваалцах