news-details
Мэдээ

Адуутай дуутай..“элдэвтэй хүн" геологич Өвгөнхүүгийн ЖАМЪЯНДОРЖ

1944 он. Хаа сайгүй дайны хөл шувтарч дэлхийн их дайнд холбоотон гүрнүүд ялах нь тодорхой болсон ч бараа таваар хомсхон, дутуу гуцуухан хүнд бэрх цаг дуусаагүй байсан цаг. Аливаад элдэвтэй мичин жил урьд өмнөхөөсөө илүү аашилж Монгол даяарын их зуд болж байхад өгүүллийн мааань эзэн өнөөгийн Төв аймгийн Эрдэнэсант сумаас зүүн хойшоо Өл хэмээх газар  ээж Сэрээтэрээсээ төржээ. Зудтай жилийн золтой хөвүүн гэж монголчууд хэзээнээсээ бэлэгшээж ирсэн. Хөвүүнд Жамъяндорж хэмээх нэр хайрлав. Төрсөн эцэг Шарав гуравтайд нь нас баржээ. Эх Сэрээтэр нь хүү Жамъяндоржийгоо нагац ах Д.Өвгөнхүүдээ өргүүлэв. Хүнд үр хүүхдээс илүү өглөг гэж юу байх билээ. Өргөж авсан аав Д.Өвгөнхүү, ижий Сэвжид хоёр ёстой л хайран дундаа өсгөв.. Хүүгийнхээ дуу хуур, шүлэг найрагт дуртайг мэдэх аав ижий хоёр нь 9 нас хүрмэгц мөнөөх гэнэтхэн шийдээд гэдэгчлэн гэр орноо ачааллаад  хот бараадав. Ямартай ч Жамьяндоржийн ирээдүйн амьдралыг бүлээн, гэрэл гэгээгээ дүүргэхийн үндэс болсон хэрэг. Өвгийн ухаан гүйцэшгүй, яндаж болшгүй ажаам. Жамьяндорж 11 дүгээр сургуульд 9 настайдаа нэгдүгээр ангид оров. Угаас ухаан сийрэг болохоор толгой нэг их өвдсөнгүй. Харинчиг дуу хуур, шүлэг найрагт хар багаас дуртай болохоор усандаа тавигдсан загас мэт жаргалаа эдлэж эхлэв. Ганц мөрөөдөл нь яруу найрагч, сэтгүүлч болох. 10 дугаар ангиа 1 дүгээр сургуульд төгслөө. 1963 онд сэтгүүлчийн ангид орох гэсэн боловч тэр жил их сургууль сэтгүүлчийн ангидаа элсэлт авсангүй. Хэтээс сэтгэлд ургаж соёолоод геологичийн мэргэжилтэй болохоор зориг шулуудав.  Хөнөг  гэж сайхан ууланд тоглож өссөн хүүхэд өөр юунд дурлах билээ. Өнгө өнгийн чулуунуудад  нь  өгүүлшгүй үзэсгэлэнт байгаль. Чулуу их түүнэ. Сүүлд дандаа уулын болор түүсэн байдгаа их сургуульд орж чулуу таньдаг болсноос хойш мэдсэн гэдэг.  1963-1968 онуудад  МУИС-ийн геологийн ангид суралцан ашигт малтмалын эрэл хайгуулын геологич мэргэжил эзэмшжээ. Ангийг  удирдсан  багш нь  С.Дашдаваа багш. 
         -Бид түүний ууган шавь нар нь бөгөөд кристаллографийн хичээлийг ой тойнд ортол заадаг их амгалан дөлгөөн хүн байсан. 1968 онд геологийн  ангийг 32 оюутан төгссөн. Оюутан ахуй цагтаа гадаад төрх, зан байдлаас нь бие биенээ хочлон шоглодог байлаа. Манайханд хочгүй хүн бараг үлдээгүй байх. Бид уулзалдахаараа тэр л хочоор нь дуудан хөгжилддөг. Оюутан цагийн он жилүүд найз нөхөд насан туршид гэгээн сайхнаар нь дурсагдах юм даа. Манайхан эрдэм шинжилгээ ба геологийн зураглал, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтоор эх орныхоо өнцөг булан бүрт үр бүтээлтэй ажилласан.   Хагас зуун жил өнгөрсөн ч оюутан цагийн үерхэлээ мартаагүй Э. Агваансамбуу, Г.Бааст 
Л.Дашдондог,  Х. Сүхбаатар  нартаа баярлаж явдагаа өгүүлэх өвгөн геологичийн нүднээс залуу насны ааг омог хүсэл тэмүүлэл гялсхийнэ. 
Замын  цэцэгсээр богцоо дүүргээд 
Залуу насны босгыг алхав гэж төрийн соёрхолт найрагч Р.Чойном нэгэнтээ шүлэглэсэн нь бий. 60,70-аад он бол монголчуудын үндэсний их дэвшлийн он жилүүдийн эхлэл байлаа. Залуу сэхээтэн, ажилчин бүрийн мөрөөдөл улс гэрээ улс шиг улс болгохын төлөөх их бүтээн байгуулалт өрнөж байлаа. Нүүдэлчин монголчууд үйлдвэр завод, байшин барилга барьж, хөдөө орон нутаг соёлжин гэгээрч байлаа. Атрын анхны шан энэ л үед татагдаж гурил буудайгаар өөрийгөө бүрнээ хангаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолж ашиг орлого олдог болов. Залуухан геологчид улс гэрийн энэ нүсэр алхаанаас хором ч хоцорсонгүй. Яндашгүй баян газрын доорх баялгаа нээн илрүүлж байлаа. Ө.Жамъяндорж геологийн салбарт 46 жилийн амьдралаа зориулжээ. Энэ олон жилийн нөр их хөдөлмөрийг хуудас цаасанд багтаах  аргагүй билээ. Гэлээ ч  цаасан дээр мөр, түмэнд алдар гавьяа нь дуурьсгалтай болохоор цухас боловч өгүүлэх нь зүйн хэрэг.  
1968-1970 онуудад Улаанбаатарын геологийн удирдах газрын харьяа 1:200 000-ын маштабын геологийн зураглалын Ерөөгийн ангид геологич, 1971-1973 онуудад  Туулын ангид геологич, 1973-1975 онуудад мөн зураглалын Өнжүүлийн ангид дарга, 1975-1976 онуудад Зураглалын экспидецийн харьяа Улаангомын ангид ерөнхий геологичоор ажиллахдаа  үр дүнгийн 2 тайланд оролцож, 3 тайланг хариуцан бичиж хамгаалсан байна. 
1983-1985 онуудад ГУУҮШИ-ийн үнэт металлын тасагт, 1986-1998 онуудад регионал геологийн   секторт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж Төв, Дорнод Монголын 1:500 000 –ын маштабын геологийн зураг, Монгол орны 1:1 000 000-ын маштабтай геологийн ба структур-формацийн зураг тэдгээрийн тайлбар бичигт зохиогчоор  мөн ОХУ-ын хилийн дагуух нутгийн мөн маштабын геологийн зураг зохиоход оролцжээ. 
2008-2009 онуудад УГЗ -200-2007, 2009-2010 онуудад УГЗ 200-Ө-V  төслүүдэд зохиогчоор оролцсон.
1998 оноос Геологийн судалгааны төвд ажиллан 1998-2005 онуудад Буурал уул-50, Замын –үүд-50, Буянт-Ухаа -50 төслүүдийн ахлагчаар ажиллан үр дүнгийн тайланг удирдан бичүүлж сайн дүнтэй хамгаалж байлаа. Тэрээр 2011-2014 онуудад  УГЗ 200-Б-V төслийн ахлагчаар ажиллан Ховд Завхан Говь-Алтай аймгуудын нутгийг хамарсан 1:200 000-ын маштабын 18 хавтгайн 5 төрлийн иж бүрдэл зураг, тайлбар бичиг зохиох ажлыг удирдан дуусгасан байна.     
1976-1983 онуудад “Хайгуулчин” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгээр ажиллаж тухайн үеийн 27 дугаарыг эрхлэн гаргажээ. 2010 онд Үйлдвэрлэлийн геологийн холбооноос  сэтгүүлийг дахин  гаргаж эхэлснээс хойш эдүгээ  орлогч эрхлэгчээр нь ажилласаар л  байна.  
“ Дэлхийн тухай өгүүлэх нь” /1982/ “ Чулуун модны гайхамшиг” /1985/, “ Хүн ба чулуун мандал” /1987/, “Газар дэлхийн товч түүх” /1989/ нэртэй шинжлэх ухааны  хялбаршуулсан зохиол бүтээл туурвин хэвлүүлж, нийтийн хүртээл болгожээ.  “ Дэлхийн тухай өгүүлэх нь” /1982/нь номыг Хүүхэд-залуучуудын  нэвтэрхий толийг зохиоход ашиглажээ. 
Геологийн нэр томъёоны орос- монгол-англи толь-ийг /8000 орчим үгтэй/ Ж.Бямба, Г. Жамсрандорж, Д.Гарамжав нарын хамт эмхэтгэн 1994 онд хэвлүүлжээ. 
2009 онд хэвлэгдсэн “ Монголын геологи ба ашигт малтмал” 8 боть суурь бүтээлийн I II   III ботиудад нэр томъёо найруулгын редактораар ажиллав. Мөн Монголын Геологийн 70 жилийн ойд зориулсан “Даяарт дуурсагдах  далан жил” түүхэн замналын ном бичиж хэвлүүлсэн байна. Тэрээр  Монгол Улсын тэргүүний геологич цолтой.
“Миний аав адуучин, миний аав дуучин”  дууг мэдэхгүй монгол хүн үгүй.     
Аав Д.Өвгөнхүү нь шатарт ихэд сонирхолтой хүн байлаа. Хавь ойрынхон орж гарч шатрын хорхойтон нэг нь нүүхгүй гарна гэж үгүй. Сайн ч тоглодог байж. Аавынхаа өврөөс салдаггүй хүү шатарт хойрхойсох болов. Тэр дорхноо л шатар сурч улмаар шатрын нэгдүгээр зэрэг цол хүртэв. Багын анд Т.Пүрэвдорж, Н.Эрхэмбаатар нар нь дааманд хорхойтой болгож бүүр шүүгч болоод 1990-ээд оны дундаар улс хотын аварга аварга шалгаруулах тэмцээний нарийн бичгийн дарга шүүгчээр ажиллаж “бужигнуулж”  явжээ. Бас Т.Пүрэвдорж найзынхаа бичсэн дурсамж сургамжийн “ Миний мэдэх даам”/1996/, ном болон “Даамчин болохыг хүсвэл” /2001/  сурах бичгийг хянан тохиолдуулсан. Ер нь тэр спортод “хорхойтой.” Тэр дундаа хөл бөмбөг, шатар үндэсний бөхийн уралдаан тэмцээн үзэх дуртай. Тэр үеийн сэхээтнүүд юм юманд адтай, сонирхолтой байжээ. Урлаг уран сайхан, спорт цэнгүүн, ажил хөдөлмөрт чин сэтгэлээсээ, чин шударгаар хандана. Өнөө цагт тун  чиг хэрэгтэй араншин даа. Хар багаас шунан дурласан шүлэг найргаа ер орхисонгүй. Оюутан байхдаа бүр их “донтов”. 500 гаруй шүлэг тэрлэв. Сонин хэвлэлд хэвлүүлж “ОД” болж явсан цаг нь бий. Бүрэг ичимхийгээсээ болоод хэвлүүлэх гэсэнгүй. Тэр чигээрээ өнгөрчээ. Аавдаа их хайртай байж. 24 нас хүрч ажил амьдралынхаа захад хүрдэг жил 1966 онд өргөсөн аав  нь нас баржээ.   Түүнээс хойш 1980 оныг хүртэл ижийтэйгээ  цуг байлаа. 1975 онд насны хань Д.Дулмаатайгаа гэр бүл боллоо.   Хүний амьдрал таашгүй. Ганцаараа шахуу өссөн тэрбээр өнөө нэг хүү, гурван охин, нэг ач охин, таван зээ охин, нэг зээ хүүгийн  өвөө өнөр бүлийн тэргүүн. Эр хүн өөрөө эцэг хүн болохоороо аавынхаа зовлонг илүү сайн ойлгодог гэж өгүүлнэ. Аавуудын тухай олон сайхан дуу байдаг ч гэлээ Миний аав адуучин, миний аав дуучин дууг мэдэхгүй монгол хүн үгүй.     
Амин хайртай миний аав
Адууныхаа бэлчээрт дуулдаг  байсан
Бага наснаас чихэнд хоногшсон 
Баргил хоолойтой дуучин хүн  
       Миний аав адуучин хүн 
       Миний аав дуучин хүн 
Ороо морины ганган толгойнд 
Уургынхаа хуйвыг алдаж үзээгүй 
Онцын хайртай миний аав
Угаас  нэртэй адуучин хүн 
          Миний аав адуучин хүн 
           Миний аав дуучин хүн
Хөлгийнхөө төвөргөөнөөр намайг бүүвэйлсэн
Хөрслөг аав минь адуучин хүн
Уртын дуугаараа  намайг уяраасан
Ухаан аав минь дуучин хүн 
          Миний аав адуучин хүн 
          Миний аав дуучин хүн
Хангал хүлгийнхээ тэнхээт нуруунд 
Уяхан дуугаа мартаж чадаагүй
Халуун хайртай миний аав
Угаас цуутай адуучин хүн
          Миний аав адуучин хүн 
          Миний аав дуучин хүн 
 Он цагийн уртад  үг  өөрчлөгдсөн байх. Арга ч үгүй биз дээ  ардын дуу шиг дуулагддаг юм чинь,  
Ө. Жамъяндорж гуай, -Энэ шүлгийг би  аавдаа л зориулж бичсэн юм. Энэ шүлэг Залуучуудын үнэн сонины 1968 оны 1 дүгээр сарын 21-ний  өдрийн дугаарт хэвлэгдсэн. Тэртээ 51 жилийн өмнө. Би түрүүн хэлсэн 500 гаруй шүлэгнээс 30-иад шүлэг тухайн үеийн хэвлэлүүдэд  хэвлэгдсэн гэж. 1970 онд гэртээ байж байтал радиогаар хоёр охин энэ дууг дуулж байнаа. Яах аргагүй шүлэг минь мөн дөө.  Тэгээд сураглатал   Сүхбаатар аймгийн хөгжимт драмын театрын хөгжимчин Цоггэрэл  гэдэг хүн аяыг зохиосон байсан. Уулзах гээд сураглавал энэ дууны аяыг зохиосноос хойш удалгүй нас барсан гэсэн сураг л гаргалаа.  Хөгжим судлаач Буянхишигтэй уулзаж радиогийн фондноос хайлгасан боловч гарч ирээгүй. Энэ дууг олон түмэн  ардын дуу шиг дуулдагт баярладаг.   Зохиогчийн эрхийн авахаар охин минь  хөөцөлдсөн боловч 1990 оноос өмнөхөд өгөхгүй гэсэн гэнэлээ.  Энэ дууг олон л дуучин дуулсан. Хамгийн сүүлд Завханы Батсүх дуулж байгаа харагдана лээ. Дуулагдаад л байвал ах нь баярлаж л суух юм даа гэсэнсэн. Он цаг улирах тусам үлдэж хоцорч  ардынхаа дунд дуулагдсаар байна гэдэг уран бүтээлийн чадал чинсааг илтгэнэ. Магадгүй цаашид ч олон жил дуулагдсаар байх болно. Монгол хүн адуутайгаа, аавтайгаа байхад дуулагдсаар байх дуу юм даа.   
-Геологич  хүний хамгийн сайхан нь юу вэ гэвэл  алхам тутамдаа ертөнцийн хэвлийг танина. Хагалж шинжилсэн чулуу бүхэн түмэн оньсого. Тэдний  учрыг тайлж уншина гэдэг жаргал л юм даа. 1960 иад оноос эхлэн манай үндэсний мэргэжилтнүүд ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын геологичтой хамтран геологийн судалгааг тодорхой чиглэл төлөвлөгөөтэй гүйцэтгэн эх орныхоо эрдсийн баялгийг арвижуулж,  80 гаруй ашигт малтмалын 1200 гаруй орд 8000 гаруй илрэлийг илрүүлсэн байдаг.  Дархан Шарын голын иж бүрэн цогцолбор, Эрдэнэтийн овооны зэс молибден, Бор-Өндөрийн хайлуур жоншны баяжуулах  үйлдвэр, Багануур, Шарын гол, Шивээ овоо, Хөшөөт, Тавантолгой зэрэг нүүрсний томоохон уурхай, Бороо, Ерөө, Заамарын алтны үйлдвэр зэргийг ашиглалтанд оруулж, хот суурин газрууд , аймгийн төвүүдийн эрчим хүч барилгын материал, усан хангамжийн асуудлыг шийдвэрлэж, Цагаансуварга, Баянгол  Олон овоот зэрэг ашигт малтмалын томоохон ордуудыг нээсэн билээ.  Жирийн ажилчнаас инженер хүртэлх олон зуун хүнээс бүрдсэн геологичдын бүхэл бүтэн “арми” биеийн болоод оюуны их хүч хөдөлмөр, зүтгэл гарган энэхүү амжилтанд хүрсэн. Энэ “арми”-д цагтаа 4000 гаруй хүн алба хааж байсан баримт байна. Насаараа энэ салбарт ажилласан  геологичийн хувьд байгаль цаг агаарын хүнд нөхцөлд ажилладаг геологичидод 1990-иад оны эхэнд олгож байсан говийн болон  өндөрийн нэмэгдлийг сэргээн олгох нь зүйтэй нь зэрэгцээ геологийн ажил улирлаас ихээхэн хамааралтайг харгалзан дараа жилийн тендерийг онд нь багтаан шалгаруулж, төсөл төсвийг  нь  тухайн жилийн 1 дүгээр улиралд батлан санхүүжилтийг олгож байх журамтай болгох шаардлагатай байна. Геологийн салбар хойшид ч улам бүр өргөжин хөгжсөөр эх орныхоо эрдэс баялгийн нөөцийг илрүүлэх үйлсийг   дүү нар минь  амжилттай үргэлжлүүлж, олон зуун алдартан төрөн гарч миний хийсэн геологийн салбарын эмхэтгэлийн түүх хэдэн зуун жилээр баяжигдан зузаарна гэдгээр л бахархдаг даа гэж өвгөн геологич Ө.Жамъяндорж гуайн өгүүлснээр бэсрэгхэн энэ хөрөг найруулалаа өндөрлөе.
 Монголын геологийн 80 жилийн ойд зориулав.

Хуваалцах