Ерэн онд улсаараа шинэ нийгэмд хөл тавих үед газрын тосны салбар ч бүгдийг шинээр эхлэх шаардлагатай болсон юм. Тухайн үед экс-портын орлогынхоо талаар нь шатахуун худалдан авч, шатахууны хомстлоос болж газрын тосны бүтээгдэхүүнээ хязгаартайгаар түгээж байв. Харин өнөөдөр Монгол Улс газрын тосны олборлолт явуулж, экспортлохоос гадна Газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг эхлүүлээд буй. Газрын тосны салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа эрхэм бол УУХҮЯ-ны П.Хүрэлхүү.
Газрын тосны салбарт өрнөсөн бүх л үйл явдлыг өчигдөр болсон мэт өнгөтөөр ярих энэ эрхэм багын сонирхол, найзынхаа аавын нөлөөгөөр мэргэжлээ сонгожээ. Тэрээр Дорнодын уугуул. Өдгөөгөөс 30-аад жилийн өмнө Дорнод аймгийн Тамсагийн талд урьд өмнө харагдаагүй аварга том машинуудын цуваа үе, үе үзэгддэг байж. Тэр үед сурагч байсан хүүгийн сонирхлыг өнөө аварга техникүүд ихэд татаж байсан гэдэг. Түүний дотны найз Дэдбаярынх нь аав Цагаадай газрын тосны геологийн мэргэжилтэй, салбартаа Монголдоо анхдагчдын нэг. Мэргэжлээ хүүдээ залгуулах сонирхолтой тэрээр Хүрэлхүү, Дэдбаяр хоёрыг ахлах анги төгсдөг жил Газрын тосны товчооны дарга Сэнгээ гуайтай уулзаж “Дорнод аймаг бол газрын тосны арвин баялагтай нутаг. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй. Би хүүгээ сургамаар байна” хэмээн хэлж байжээ. Яг тэр жил газрын тосны мэргэжлээр химич, геологич, хими технологич, эдийн засагч, хуулийн чиглэлээр цөөнгүй хүүхэд элсүүлж таарч. Тэр жил гэдэг нь 1992 он. Дорнод аймагт МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн газрын тосны геологийн чиглэлээр хоёр хуваарь ирж таарч, хоёр найз амжилттай конкурсдэн өнөө хоёр хуваарийг атгажээ.
Газрын тосны салбарын мэргэжилтэн болохоор одоогоос гучин жилийн өмнө их сургуулийн босго алхаж байсан гэхээр тэр салбарынхаа шинэ цагийн түүхийг бичигч анхдагчдын нэг болж таарч байгаа юм. Сургуулиа төгссөн залуусыг ажлын байр бэлэн биш, улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй нийгэм угтсаныг энд онцолж тодотгох учиртай. Газрын тосныхоо товчоонд ажилд орох гээд очтол удирдлагууд нь засаг төрийн өнгө аясаас шалтгаалж цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болсон тухай таагүй мэдээ дуулгаж байж. Гэвч тодорхойгүй байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй. М.Энхсайханы Засгийн газар П.Очирбат Ерөнхийлөгчийн санаачилсан Газрын тосны хөтөлбөрийг хэрэгжүүлж, Газрын тосны товчоо агентлагийн хэмжээнд өргөжөөдхөв. Ингээд П.Хүрэлхүү ажлын гараагаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны хэрэг эрхлэх газраас эхлүүллээ. Анхны томилолт нь Тамсагийн сав газар байсан гэдэг.
1996 оны өвөл Монголд анх удаа өвлийн өрөмдлөгийн ажил явагдахад газрын тосны геологийн инженер П.Хүрэлхүү, геофизикч Баяндорж, жолооч Цогтдэмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй баг Тамсагийн сав газрыг зорьж байв. Тэд тэр өвөл 21 дүгээр талбайн хоёрдугаар цооногийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн юм. Цас, зудтай цаг агаарын хүндхэн нөхцөлтэй нүүр тулсан ч газрын тосны салбарын төдийгүй Монгол Улсын түүхэнд бичигдэх том ажлын ард гарч чадсанаа тэр одоо дурсаж сууна.
Мөн 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай улс газрын тосоо анх удаа экспортолсон түүх ийм эхлэлтэй. Судалгаа шинжилгээний зориулалтаар 100 баррель газрын тосыг урд хөрш рүү тээвэрлэхдээ шингэн төлөвөөр биш, хөрзөн хэлбэрээр экспортолж байжээ. Хатуу төлөвтэй /царцсан/ газрын тосыг хуучны Оросын чиргүүлтэй ачааны машины тэвшин дээр хүрздэж ачаад, тос ачсан машиныг араасаа дагуулан П.Хүрэлхүү “ХЭТ” ХХК-ийн захирал Гантөмөр болон бусад залуусын хамт “УАЗ-469” машинаар цас зүсэн явсан түүх өнөө бодоход сонирхолтой үйл явдал.
Тэдний өвөл эхлүүлсэн өрөмдлөг хавар дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилжээ. Тамсагийн 19 дүгээр талбайн гуравдугаар цооногийн цэг хатгалтыг нэлээд эрж хайсны эцэст шаваа амжилттай тавьж чаджээ. Яг тэр газраас нь 1997 оны 6 дугаар сарын 6-ны өдөр газрын тос өөрийн даралтаар оргилон гарч, газрын тосны салбарын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болсон юм. П.Хүрэлхүү энэ сайхан мэдээг удирдлагууддаа дуулгахаар яарч, агентлагийнхаа дарга Энхболд руу утас цохив. Тухайн үед дарга нь ажилтныхаа дуулгасан мэдээнд итгэж ядан их л сандруу дуугаар ахин дахин лавлаж асууж байснаа утсаа салгачихсан гэдэг. Төд удалгүй П.Хүрэлхүүгийн утас дуугарч дарга нь “Ерөнхийлөгч өөрийн биеэр очих гэж байна шүү” гэсэн мэдээ дуулгажээ. “Ерөнхийлөгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг газрын тосоор мялаалаа” гэсэн агуулгатай мэдээлэл хэвлэлээр хөврөх болсны цаана ийм үйл явдал болж байж. Тэр жилийн 6 дугаар сарын 9-нд П.Очирбат Ерөнхийлөгч газрын тос ундарсан гуравдугаар цооногт очсон аж. Тос оргилж байсан хоолойноос гараараа барих үед нь хэдэн дусал тос салхинд хийсэж дээлийнх нь хормойд дусчихаж л дээ. Үүнийг харсан Дэд бүтцийн сайд Л.Нямсамбуу “Ерөнхийлөгч өө, та гоёлынхоо дээлийн хормойг тос болгочихлоо” гэхэд, П.Очирбат ерөнхийлөгч хормойгоо харангуутаа “Би улс эх орноо төлөөлдөг ерөнхийлөгч хүн. Тиймээс гоёлын дээлээ тосоор мялаахад миний ард түмэн дээлээ мялаасантай ялгаа юу байх вэ” гээд дээлийнхээ энгэрт хүргэжээ. Мөн Цогтдэмбэрэл, Бахдамдэмбэрэл, П.Хүрэлхүү гээд ийм сайхан нэртэй залуус энд ажиллаж байхад газрын тос оргилолгүй яахав гэж байж. “16 цооног өрөмдөхөд нэг нь газрын тосны илэрцтэй, 32 цооногоос нэг нь тостой байдаг юм. Харин 64 цооногийн зөвхөн нэгээс нь л ингэж газрын тос оргилдог. Тийм ховор тохиолдлын гэрч болж, анхны Ерөнхийлөгч газрын тосоор дээлээ мялаахад дэргэд нь зогсож байсан гэж бодохоор сайхан санагддаг” хэмээн дурсан ярив.
Монгол Улс анх удаа газрын тосоо экспортолсон 12 дугаар сарын 12-ны өдөр, газрын тос өөрийн даралтаар оргилж гарч ирсэн 6 дугаар сарын 6-ны өдрийг тэр жил бүр тэмдэглэдэг гэнэ. Яг л төрсөн өдөр шигээ онцгойлж тэмдэглэдэг тухайгаа сонирхуулаад инээмсэглэсэн юм. Мэргэжилдээ хайртай, салбартаа дуртай, хийдэг ажилдаа сэтгэлээ зориулсан хүнээс л гарах хандлага.
Ардчилсан засаглал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн замыг сонгосноос хойш газрын тосны салбарт өрнөсөн онцлох үйл явдал бүрд оролцож байсан нь түүний том бахархал. Тамсагийн сав газарт газрын тосны агентлаг төлөөлөгчийн газраа байгуулахад мань эр анхны төлөөлөгчөөр нь томилогдож байж. 2004 онд уламжлалт бус газрын тосны эх үүсвэр буюу нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлэхэд Канадад очиж гэрээ байгуулах ажлын хэсэгт багтаж, Өмнөговьд төлөөлөгчийн газар гэж байгуулахад мөн л албан томилолт өвөртөлж явжээ. П.Хүрэлхүүгийн хувьд Эрдэс баялаг эрчим хүчний яамны газрын тосны асуудал хариуцсан анхны мэргэжилтэн гэж ирээд тоочвол салбартаа анхны гэсэн тодотгол олонтой мэргэшсэн эрхмүүдийн нэгд зүй ёсоор багтана.
Занарын судалгааны ажилд ч оролцож явсан түүх түүний намтарт бий. Ирээдүйд ашгаа өгөх энэ баялгийн нөөцийг тогтоолцож явсан инженерүүдийн нэг бол П.Хүрэлхүү. Байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эхлээд хайгуул хийх учиртай. Харамсалтай нь хайгуул судалгааны ажил хийх гэхээр нутгийн иргэд, элдэв хөдөлгөөний эсэргүүцэл олон том төсөлтэй болох боломжийг хаасаар өнөөг хүрсэн нь нууц биш. Тэр бүхэнтэй нүүр тулж, зохицуулах боломжтойг нь шийдэж, зөв гарц шийдэл олж ажиллана гэдэг амаргүй. Энэ том ажлын ард гарч, чимээгүй зүтгэдэг хүмүүсийн нэгд тэр бардам багтана.
Геологийнхон гэрийн бараа хардаггүй онцлогтой хүмүүс. Олон хоног байтугай сар жилээр хайгуул судалгааны ажил хийж, хээрээр гэр хийж явах нь тэдний хувьд энгийн үзэгдэл. Ямар сайндаа л том охиноо төрснөөс хойш хоёр сарын дараа гэрийн бараа харж байхав. “Тэр үед одоогийнх шиг гар утас, сошиал холбоо гэж байсангүй. Манай хүн охиныхоо нэрийг өгчихсөн угтаж байлаа” хэмээн ярих энэ залуу өдгөө ч салбартаа зүтгэсээр яваа.
П.Хүрэлхүүгээс амьдралдаа өмнөө тавьсан хамгийн том зорилгыг нь сонирхоход “Миний зорилго бол эх орноосоо хайсан, олсон, олборлосон газрын тосоор боловсруулсан шатахуунаар машиныхаа банкийг дүүр-гээд давхих тэр цагийг харах явдал. Үүнийг л шийдчих юм бол ийм мэргэжил эзэмшсэний минь утга учир оршино” гэсэн хариу өгсөн юм. Өнөөдөр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж буй. Тэгэхээр тун удахгүй түүний мөрөөдөл, зорилго биелэх нь.
П.Хүрэлхүүгийн “Боловсруулах үйлдвэр барьчихвал газрын тосны салбар цаашид хөрөнгө оруулалтын тусламжтай жигд-рээд явна. Тэр болтол зүтгэнэ. Манай салбар улс орны эдийн засгийн тулгуур, бас суурь үнэд нөлөөлдөг. Энэ утгаараа эх орноосоо хайж олоод, олборлож, өөрсдөө боловсруулдаг болчихвол бидний хувьд салбартаа оруулж буй хамгийн том хувь нэмэр. Шатахууны хэрэглээгээ гадаад зах зээлээс хамааралгүй болгочихвол үнийн өсөлтийн хамаарлыг эрс багасгана гэсэн үг. Тэр хэрээр гадагшаа чиглэсэн валютын урсгал саарна” гэсэн үгээр хөрөг бичиглэлээ өндөрлөе.