Засгийн газрын зүгээс Shilen.gov.mn сайтад төрийн байгууллагуудаас олгодог зөвшөөрлөөс эхлээд зээл, тусламж гэх мэт бүхий л мэдээллийг ил болгож, даабль стандартаар амьдрагсдын нэрсийг зарлан шүгэл үлээж эхэлсэн. Монголд нууцгүй юм байхгүй байсныг бүгдийг ил болгох эхлэлийг тавьж чадсан Засгийн газрын энэхүү ажиллагааг үнэгүйдүүлэхгүйн тулд хууль хүчний байгууллагууд дорвитойхон л ажиллаасай билээ дээ.
Өнөөдөр л гэхэд ХАА-г дэмжих сангаас зээл авсан зээлдэгчдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад ил нийтэлжээ.
Хуучнаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан”-г нэгтгэн зохион байгуулсан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан 10325 зээлдэгчээс эхний ээлжинд 6092 компани, иргэн, төрийн байгууллага, төрийн бус байгууллагын мэдээллийг нээлттэй байршуулжээ. Тус сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүдээс өнөөдрийн байдлаар 52,5 тэрбумын төгрөгийн үлдэл буюу зээл төлөгдөөгүй байна.
Дээрх байгууллагуудаас үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг энэ 7 хоногт багтаан ил болгоно.
Мөн Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрийг ил болгожээ. Төрийн өмчийн 120 компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрс, бүрэлдэхүүний мэдээллийг мөн энэ 7 хоногт багтаан бүгдийг нээлттэй болгох аж.