Н.Цэрэнбат: Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн ажилтнуудыг чадавхижуулах шаардлага бий

Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн захирал Н.Цэрэнбатаас зарим зүйлийг тодрууллаа -Та ажлаа аваад дөрвөн сар өнгөрлөө. Ажлаа юунаас эхлүүлэв? -УИХ-ын Түр хорооны дэмжлэгтэйгээр бид “Оюу толгой” төслийн 34 хувьд ногдсон өрийг тэглүүлж чадлаа. “Оюу толгой” компанийн ТУЗ-өөс “Эрдэнэс оюу толгой” компанийг чадавхжуулах, төслийн үр ашгийг дээшлүүлэх, төсөлд хяналт тавих чиглэлээр тогтоол гарсан. Энэ сарын сүүлээр ажлын хэсэг хуралдан, “Оюу толгой”-н байгаль орчин, засаглал, ил тод байдлын салбарт явуулдаг зарим чиг үүргийг “Эрдэнэс Оюу толгой” хийдэг болох талаар ярилцаж байна. Ирэх сард гэрээгээ байгуулна. -Рио Тинто групптэй хийж буй хэлэлцээ ямар шатанд яваа вэ? -Үргэлжилж байна. Дубайн гэрээ, татварын маргааны ажлын хэсгүүд ажиллаж байна. Хэлэлцээний эхний үе шатанд Монголын талын 34 хувьд ногдох өрийг хүчингүй болгож, гүний уурхайн огтлох малтлагыг эхлүүлэв. 34 хувьд ногдох өрийг тэглэснээр энэ төсөлд хөрөнгө оруулсан талууд ногдол ашгаа эн тэнцүү хуваарилах боломж бүрдлээ. “Эрдэнэс Оюу толгой” компани энэ төсөлд хяналт тавих, төслийн үр өгөөжийг өсгөх үүрэгтэй. Иймд ажилчдаа чадавхжуулах шаардлага ч бий.

Хуваалцах