Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны хомсдол дэлхий нийтийн анхаарлын төвд орж, сүүлийн жилүүдэд НҮБ төдийгүй улс орнууд дор бүрнээ усны нөөц нэмэгдүүлэх, усны хомсдлыг шийдвэрлэх талд онцгой анхаарах болсон. Манай улс, тэр дундаа говь нутаг ирэх 2025 оноос усны хосдолд орж, 2030 он гэхэд уурхайн гүний усны хэрэглээний улмаас ган ганчиг нүүрлэж, байгалийн тэнцвэрт байдал алдагдах талаас салбарын эрдэмтэн судлаачид удаа дараа анхааруулж буй. Иймд Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд говийн бүс нутгийн усны асуудлаар боловсруулсан Техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг гардуулж, “Монголын говийн усны хомсдлыг олны анхааралд дахин оруулж, говийг устай, эзэнтэй, малтай, малчинтай болгох ажлыг ямагт тэргүүлж, манлайлж яваарай” хэмээн хүссэн байна. Энэ үеэр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Говийн усны асуудлыг монгол төрийн асуудал, Монголын асуудал болгохын төлөө ажиллана” хэмээн өөрийн улс төрийн зорилгоо тодорхой зарлав.