УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр албан ёсоор эхэлж, улс төрийн намууд нэр дэвшигчдийнхээ хамтаар нээлт хийж, Монгол орны дөрвөн зүг, найман зовхист таран одов. Тэгвэл Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жилийг эхлүүлэх үнэт зүйлийн түүчээ болсон МАН шинэ зууныг ялалтаар эхлүүлэх хариуцлага хүлээсэн нэр дэвшигчдээр багаа бүрдүүлэн 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа ийнхүү эхлүүллээ. Сонгуулийн сурталчилгааг нээж, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгнээс онцлон ишлэлийг түүвэрлэн хүргэж байна. -Ирэх дөрвөн жил дэлхий дахин олон туйлт ертөнцөд хуваагдсан нэн эрсдэлтэй нөхцөл байдалтай нүүр тулах гэж байна. Цар тахал эдийн засгийн хүндрэлийн дараа дайны нөхцөл байдал 2-3 газар давхцаж байгаа нь нөхцөл байдлыг ээдрээтэй болгож байна. -100 жилийн түүхтэй ууган намын хувьд МАН гэдэг өнцгөө биш улс орон, тусгаар тогтнол, ардчилал эрх чөлөө гэсэн үнэт зүйлсээ эхэнд тавьж, улс төрийн намуудтай зөвшилцөн Үндсэн хуулийн хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжсэн. Парламентийн төлөөллийн тоог нэмэгдүүлсэн. -Энэхүү өөрчлөлт, реформ олон улсын геополитикийн шуурганд Монгол Улс тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалан үлдэх үндэсний эрх ашгийн төлөөх улс төрийн шийдвэр байсныг онцолж байна. -Ирэх дөрвөн жилд дэлхийн эдийн засаг дунджаар гурван хувийн өсөлттэй байна. Харин бидний эдийн засгийн төлөвлөгөөгөөр Монгол Улс жилд дунджаар зургаан хувь буюу дэлхийгээс хоёр дахин илүү өсөлттөй байх хариуцлагыг бид хамтдаа үүрч байна. -Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд бид бүс болгоныг холбосон дэд бүтцийг байгуулна. Мянганы замын үргэлжлэл болгож аймгийн төв болон боомтуудыг хооронд нь холбосон “5 ТОЙРОГ ЗАМ” төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Мөн дуусгах болно. -“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд өрнүүлнэ - Хархорум болон бүсчилсэн хотууд, боомт түшиглэсэн суурин газруудын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ -“20 минутын хот”-ыг байгуулахын тулд нийслэлийн өнгөрсөн 30 жилийн хугацааны хөрөнгө оруулалтаас 3 дахин их хөрөнгө оруулалтыг ирэх гурван жилд оруулах болно. -“20 минутын хот”-ын стандартын суурь болсон дэд бүтцийн асуудлуудыг Засгийн газар эхний 100 хоногтоо багтаан хөрөнөг оруулалтыг нь бүтэн шийдвэрлэх болно -Нийслэлийн Их бага тойруу 700 орчим га. Энд төрийн эрх мэдлийн 90 орчим хувь нь төвлөрч байсан. Тийм учраас нийслэлийн түгжрэл бол эрх мэдлийн төвлөрөл юм гэсэн улс төрийн дүгнэлтийг Ерөнхий сайдын хувьд хийж байна. -Хуримтлалын сан үржүүлэхийн хүрд байх болно. Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид хамтаа байж хямд эх үүсвэртэй ипотекийн зээл дэд бүтцийн том төслүүдийг хувийн хэвшлийнхэн хийснээр орон сууцжуулах реформыг ирэх дөрвөн жилд амжиж хийх болно. -3, 4 дүгээр хороололтой дүйцэхүй гурваас дөрвөн хорооллыг сүндэрлүүлэх боломжийг Үндэсний баялгийн сан бидэнд олгох болно. -Боомтын боомийг тайлснаар ДНБ 36 их наядаас 70 их наядад хүрсэн. Нэг хүнд ногдох ДНБ 3000 ам.доллараас 5875 ам. долларт хүрч чадлаа - Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам доллараас дээш гарсан тохиолдолд үсрэнгүй хөгжлийн түүх эхэлдгийг бусад улс орын хөгжлийн жишээ харуулсан -Эрчээ алдсан эрчим хүчийг эргэн сэргээх дөрвөн жил байх болно -Монголчууд бид далайд гарцгүй ч оюун санааны хувьд гарц түгжээ үгүй -Бүх салбарын гол цөм бол шинжлэх ухаан гэж Засгийн газар үзэх болно. Шинэ сэргэлтийн реформ, салбар дамнасан шийдэл бүрийг шинжлэх ухаан, технологи, эрдэмтэн судлаачдын судалгаан дээр тулгуурлан хийх болно -Энэ удаагийн сонгууль тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентийн засаглалаа дэлхийн геополитикийн давалгаанас хамгаалж авч үлдэх хариуцлагатай сонголт байх болно. Тийм учраас МАН-ыг сонгохыг уриалж байна. Ардын намын ялалт ард түмний ялалт байх болно. -Ерөнхий сайдынхаа эхлүүлсэн тэмцлийг нам харгалзахгүй дэмжихийг уриалж байна. Ардын намын сонголт бол Ерөнхий сайдтайгаа хамт байх шударга ёсны тэмцлийн ялалт байх болно -Намын жагсаалтаар салбар салбарын шилдгүүд ордог байх шинэ соёлыг цаашид жишиг болгон тогтоохын тулд Ардын намын жагсаалтыг дэмжих нь ард түмний ялалт байх болно. Шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн реформ ялаасай. -Монголын нийт хүн амын 70 хувийг бүрдүүлж буй залуучууд нийгмийн хөгжилд хүчтэй дуу хоолой болох цаг болсон. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой -Хуучин 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог жаазалж үлдээн, нийгмийн салбар салбарын төлөөлөлтэй анхны парламентийг бүрдүүлэх гэж байна. - Төр иргэд хоорондын үл итгэлцлийг бид илааршуулах сонголтоо хийх гэж байна