Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн IV хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хувийн хэвшлийнхнээс ирүүлсэн санал, дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын эсрэг авах арга хэмжээний талаарх танилцуулга зэргийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Ерөнхий сайд эрчим хүчний салбар дахь олон салангид ойлголтыг нэгтгэх, хууль эрхзүйн орчныг уялдуулан, сайжруулах шаардлагатай байгааг дурдаад анхаарал хандуулж, ажиллахаа илэрхийллээ. Мөн геополитик, геоэдийн засгийн нөхцөл байдал, худалдааны татварын огцом өөрчлөлт, хямрал нь манай эдийн засгийн урт болон богино хугацааны бодлогод сорилт болж, цар тахлын үетэй адил бэлэн байдлыг шаардаж байна. Үүнд хувийн хэвшлийнхний оролцоо, дэмжлэг хэрэгтэй тул хамтран ажиллах боломжуудын талаар санал гаргаж, нэгтгэн танилцуулах чиглэл өглөө. Цаашид Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаанд хувийн хэвшлийнхний хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжилд үр өгөөжөө өгөх томоохон төслийн талаарх мэдээллийг сонсож, Засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах механизмыг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.