Л.Наранбаатар: Цар тахал намжих хүртэл ажиллагсдын эрүүл мэндийг дэмжинэ

“Шарын гол” ХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний Хорооны дарга Л.Наранбаатартай ярилцлаа.

-Танай Үйлдвэрчний хороо чухам ямар ажил зохион байгуулан ажиллаж байна вэ, Мэдээж уурхайн захиргаатай хамтын гэрээтэй ажиллаж байгаа байх?

-Манай Үйлдвэрчний Эвлэлийн хороо нь энэ 2020 онд ажиллагсадын нийгмийн эрх ашгийн төлөө  эхний ээлжинд эрүүл мэндийг нь хамгаалах үүднээс олон талын ажил зохион байгуулж байна. Бид өнгөрсөн оны сүүлээр хийсэн давуутай ажил гэвэл компанитай байгуулсан хамтын гэрээнд заасан хоёр орцтой таван давхар орон сууцыг барьж 31 айлыг оруулсан. Энэ оны нэгдүгээр сараас бид компанийнхаа нүүрсний үнийн дүнг нэмэгдүүлэх талаар хамтарч ажилласан. Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яамаар шат дараатай хөөцөлдсөний дүнд өнгөрсөн дөрөвдүгээр сард дөрвөн мянган төгрөгөөр нэмэгдлээ. Ажиллагсдын нийгмийн асуудлын хүрээнд гэвэл энэ оны эхнээс компани дээрээ “фитнес заал”-ыг ашиглалтад оруулахаар ажиллаж амжилттай хэрэгжүүлсэнээр уурхайчид маань өргөнөөр оролцож байна. Он гарснаас хойш ковид өвчин гарсантай холбоотой мэдээлэл сурталчилгааг цаг алдалгүй уурхайчиддаа хүргэж эрүүл мэндээ хамгаалаахад нь туслаж ирлээ.

-Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос сар бүр нэгээс хоёр онцлог ажил зохион байгуулж байгаа гэсэн, цагаан сарын шинийн нэгнээс хойш ямар ямар ажил зохион байгуулж ирсэн бэ?

-Гуравдугаар сараас эхэлж ажиллагсдын дархлааг дэмжих зорилгоор “Аарц”, “Чацаргана” хөтөлбөргийг хэрэгжүүлж нийт ажилчдын ажлын байранд нь хүргэлтээр өдрийн болон шөнийн ээлжинд нь түгээж ажилласан. Мөн дөрөвдүгээр сард эх орны дотоодын бүтээгдэхүүнээр амин дэм нэмэгдүүлэхээр Монос компанитай хамтарч “Эко цай” гэдэг дархлаа сайжруулж эрүүл мэндийг нь дэмжих ажил зохион байгуулж дөрөв таван сая төгрөгийн зардал гаргаад бүх ажилчиддаа хүргэсэн. Тавдугаар сард “Шүдний эрүүл ахуй” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж нийт ажиллагсдын тэн хагаст нь үзлэг хийлгэж хамруулаад үнийн дүн дээр нь компанийн захиргаатай ярилцаж ажилтан бүрийн ажилласан жилээс нь хамаатуулж эмчилгээний зардлын 75 хувь, заримыг нь тавин хувь хүртэл хөнгөлсөн бол гучаас дээш жил ажилласанд нь зуун хувь хөнгөлж эмчлэх ажлуудыг зохион байгуулж, одоо ч үргэлжилж байна.Энэ ажлын эхнийх нь дууссаны дараа үлдсэн ажилчдаа хамруулахын тулд уг хөтөлбөрөө намар үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Бид ирэх 7, 8 дугаар сард “Дотор-Эрүүл ахуй” гэдэг хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэ ажлаа хийнэ. Энэ бүхэн бол дэлхий нийтийг цочроосон өвчлөлийн үед уурхайчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа ажил юм. Эдгээрийг компанийн удирдлага дэмжиж байгаа. Олныг цочроосон өвчлөл намжвал намраас үргэлжлүүлээд зун, өвлийн спартикиад, уралдаан, тэмцээний ажлаа эхлүүлэхээр зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Үйлвэрчний хороо чинь дотроо хэдэн хэсэгтэй вэ, Ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-Манай хороо дотроо долоон хэсэг, найман тэргүүлэгчтэйгээр ажилладаг. Цөөхөн хэсэгт анхан шатны хороод маань нэг, зуугаас дээш гишүүнтэй хороод хоёр хүнтэй тэргүүлэгчид ажилладаг. Бид тэргүүлэгчдээрээ дамжуулж ажилчиддаа мэдээлэл өгч ажиллаж байна.

-Үйлдвэрчний хороо байгууллагынхаа захиргаатай жил бүр хамтын гэрээ байгуулдаг. Гэрээ болгон жил бүр заавал нэг шинэлэг зүйл тусгагдсан байдаг. Энэ жилийн хамтын гэрээнд шинэлэг гэхээр ямар зүйл, заалт тусгагдсан бэ?

-Манай компани чинь Хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2020 оны хамтын гэрээндээ бид тэтгэвэрт гарч байгаа ахмадууддаа ажилласан жилийнх нь цалинг нэг дахин бодож олгодог байсныг 1-3-аар бодож ажилласан жилээр нь үржүүлээд олгох заалтыг тусгасан. Жирэмсэн эхчүүдэд сар бүр цалингийн доод хэмжээ 640 мяншган төгрөгийг олгож байхаар тусгаад хэрэгжүүлж байна. Мөн үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст өнгөрсөн жил сар бүр 400 мянга төгрөг байсныг энэ оноос 640 мянга болгож ахиулаад олгуулж ажилласан. Түүнчлэн сувиллын хөнгөлөлтыг компани болон үйлдвэрчний хороо тавь тавин хувиар нөхөн олгож байгаа. Оны сүүлийн хагаст хэрвээ энэ өвчлөлийн байдал намжихгүй, хорио цээрийн дэглэм цаашид үргэлжилвэл бид ажиллагсдынхаа эрүүл мэндэд үргэлжлүүлэн анхаарал тавьж ажиллана.

                                                                                                            Ярилцсан Б.Норовсамбуу

Хуваалцах