Уурхайчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж байна

Шарын голын уурхай буюу “Шарын гол” ХК-ийн дэргэдэх сургалтын төв нь тус уурхайн өнөөгийн удирдлагуудын санаачлагаар хуучин Шарын голын “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн суурин дээр шинээр байгуулагдан ажиллаж эхэлжээ. “Шарын гол” ХК-ийн дэргэдэх “Шарын гол” сургалтын төвийн дарга Д.Баяржаргал: “Манай сургалтын төв нь уурхай байгуулагдахаас өмнө 1963 оны аравдугаар сард тухайн үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүд нийт 30 гаруй мэргэжлээр уул уурхайн салбарын ажилтнуудыг бэлдэж эхэлсэн түүхтэй. Одоо манай сургалтын төв нь хүнд машин, миханизмын операторчин, засварчин, тоног төхөөрөмжийн миханик, наладчик, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин зэрэг мэргэжлээр сургалтаа уурхайнхаа материаллаг бааз дээр суурилан сургалтуудаа явуулж байна. Сургалтын төв маань хориод инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн өндөр ур чадвартай мэргэжлийн мастер сургагч багш нар ажилладаг. Манайх бүх төрлийн эксковатор, бульдозер, ковш зэрэг бүх хүнд машин миханизмын эд ангиудыг задаргаагаар тавьснаас гадна сүүлийн үеийн цахилгаан эксковаторууд, бүгдийг нь сургалтадаа ашигладаг. Манайх саяхан цахилгаан хөдөлгүүртэй гидро хөдөлгүүртэй эксковатор авсан. Бид уурхайнхаа ажиллагсдын ур чадварыг дээшлүүлэхээс гадна Дархан, Сэлэнгэ зэрэг хойд бүсийн аймгууд болон ажлын дадал, туршлага олж авах гэсэн бүх хүнд зориулж сургалтаа явуулж байна. Манай төгсөгчдийн чадамжийг шалгаж тогтоох, мэргэшлийн төвшин нь ямар байнав, ур чадвар нь хэрэг байна гэдэгт  хөндлөнгийн үнэлгээ хийх зорилгоор Улаанбаатар хотоос “Үнэлгээ, Мэдээлэл, арга зүйн төв”-ийн арга зүйч багш нар ирж зөвлөмж туслалцаа үзүүлж үнэлгээ хийж ажиллаж байна. Бид ойрын үед компанийнхаа хүний нөөцийн хэлтсийн захиалгын дагуу болон хөдөлмөрийн эрэлт хэрэгцээгээр иргэдийн хүсэлтээр түгээмэл ямар мэргэжил эзэмших хүсэтэй байнав түүний дагуу зөвшөөрөл авсан мэргэжлүүдээр авч сургалтаа явуулна” гэв. Уг сургалтын төвд багшилдаг уурхайн цахилгаан шугамын хэсгийн дарга н.Эрмурат: “Манай төв нь уурхайнхаа инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд сэргээн сургах болон гаднаас зөвшөөрөгдсөн мэргэжлээр шинээр ирж суралцахыг хүссэн хүмүүсийн авч сургаж байна. Манай энд давтан суралцсан ажилтнууд маань ажилчиддаа сургалт явуулах багшаар мэргэших “модуль-1”, “модуль-2” сургалтууд дуусч сургагч багш гэдэг үнэмлэхтэй болж ажиллана. Ингэснээр нийт ажиллагсадын мэргэжлийн ур чадвар дээшлэх давуу талтай болно” гэж ярилаа.

                                                                                                                                          Б.Норовсамбуу

 

Хуваалцах