Нар ээсэн намрын өдрүүд үргэлжилсээр байх ахуйд сэтгэл, мэлмийг баясгагч урлагийн үнэт бүтээлүүд нэгэн тахимд дэлгэгдлээ. Тодруулбал, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Н.Батбаатарын бие даасан “Нутаг нутгийн өнгө” судалбар зургийн бэсрэг үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэн Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Хэнтий, Төв аймгийн нутгаар явж зурсан нийт 32 бүтээлээс бүрдсэнээрээ онцлог юм. Судалбар зургийн гол онцлог нь тухайн байгальд сууж нар, салхи, бороо гэх мэт байгалийн үзэгдэлд уран бүтээлчийн мэдрэмжээр байгалийн араншин, өнгө, гэрэл сүүдрийг гарахыг зорьдогт оршино. Байгальд зурсан зураг нь байгалийн энерги шингэсэн, уран бүтээлчийн мэдрэмжийг шингээсэн дахин давтагдашгүй өнгө будаг, зохиомжийн хослол болдог билээ.