news-details
Мэдээ

“Таван толгой” түлшний эзэд

 

Байгууллагын нэр: Таван толгой түлш ХХК
Үйл ажиллагааны чиглэл: Сайжруулсан түлш боловсруулах
Байгуулагдсан он: 2019
Давуу тал: Үндэсний баялаг бүтээгч

Нүүрсийг дэлхийн хамгийн тархац ихтэй бүтээгдэхүүн гэдэг. Гаднаас нь харахад хар хүрэн өнгөтэй, амархан шатдаг тунамал чулуу ч алсуур бодоход гэр орны жавар үргээж, голомт бадраах бөгөөд түүхэн замналыг нь хоёр зуунаар хэмждэг.

Нүүрсний бүтэц найрлагыг одоо ч бүрэн тайлж чадаагүй ч бидний мэдэж байгаагаар дотор нь Менделеевийн үелэх системийн 76 элемент байдгаас хүнд хортой 23 төрлийн бодис оршдог. Түүнийх нь балгийг олон жил яс махаараа туулж мэдэрсэн Улаанбаатар хот минь “Утаанбаатар” хоч зүүчихээд барайж суусан нь саяхан.

Утаандаа угаартсан тухайн үеийг тэсрэх бөмбөг дэлбэрсний дараах дайны үетэй зүйрлэн тохуурхаж, эмзэглэн өрөвдөж байсан шүү дээ.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон зоригтой шийдвэр гаргаснаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол гарч, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван толгой түлш” ХХК байгуулагдсан юм.

Тэднийг ажлаа танилцуулахад нүд нь орой дээрээ гарсан ард иргэд “ийм зүйл хэзээ ч байх боломжгүй” гэж толгой сэгсэрч байлаа. 1986 оноос л шахмал түлшний талаар ярьж эхэлсэн болохоор “үлгэрийн далай” гэж хүлээж авах нь арга ч үгүй биз. Тэр дундаа нүүрсний худалдааг атгаж, өвлийн цагт үнийг нь хөөрөгдүүлэн бизнес хийдэг ченжүүд нь “Таван толгой түлш”-ийг харлуулсан нийтлэл, мэдээнүүдийг тасралтгүй цацаж олны сэтгэлзүйг турхирч байсан юм.

Шинжлэх ухааны хувьд түүхий нүүрсийг шүүж, бутлаад, 300 целсийн градуст халаахад “сайжруулсан түлш” бий болж, өмнөхөөсөө хоёр дахин илүү илчээ барьдаг байна. Энэ нь хар ухаанаар бодоход ч түүхий нүүрс хэрэглэдэг үеийнхээс утаа хоёр дахин багасах энгийн математик ойлголт ч гэлээ тухайн үед хүмүүс огт үнэмшээгүй юм.

Сайжруулсан түлшийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн. Эрүүл мэндэд хоргүй байлгах талаас нь бүхий л технологийг тусгаж өгч хөгжүүлж байгаа бөгөөд уг стандартад нь нийцсэн түлшийг Монгол оронд түгээхээр “Таван толгой түлш” ХХК ажиллаж эхэлсэн юм. Жишээ нь агаарын бохирдол нь “улаан” заасан Энэтхэг, БНХАУ, Пакистан гэх улсууд түүхий нүүрсээ танаж, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр хичээж байгаа билээ.

Ингээд харахад Монгол улсын 600-800 мянган тонн нүүрсний хэрэглээний ихэнх хувийг хангаж ажиллаж буй “Таван толгой түлш” ХХК нийт 8 үйлдвэр, 3000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсаар өдгөө 2 жилийн нүүрийг үзэж байна.

Улам өргөжин тэлж байгаа тэдний үйл хэрэг цаашид сайжруулсан түлшиндээ зохицох зуухны төслийг боловсруулах зорилтоор үргэлжлэх юм.

Ченжүүдийг сандарган байж гарч ирсэн сайжруулсан түлш нь хотынхоо Улаанбаатар нэрийг сэргээсэн гэдэг. Үйлдвэрээ хүртэл өөрсдийн гараар босгосон “Таван толгой”-н түлш бол Монгол түмний түлш юм.

Хуваалцах