Нийслэл орчмын авто тээврийн шалган бүртгэх товчоодоор дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны хураамжийг биет байдлаар авахтай холбоотой үүсэх тээврийн хэрэгслийн дарааллыг арилгах зорилгоор төлбөр авах процессыг хялбаршуулна. Ингэхдээ иргэдийн арилжааны банкны зөвшөөрөгдсөн картын данснаас шууд татан авалт хийх, нэхэмжлэх үүсгэн дараа төлбөрт байдлаар төлөх зэрэг олон төрлийн төлбөрийн системийг нэвтрүүлэх юм. Мөн товчоодоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, зөрчлийг илрүүлэхээр шалган бүртгэх товчоодод радио давтамж тодорхойлох RFID төхөөрөмж суурилуулна. Улмаар тээврийн хэрэгслийн татвар, даатгал, оношилгоонд хамрагдсан байдалд хяналт тавих, цаашлаад тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.