Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александрыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тэд түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын хийж, хэрэгжүүлж буй ажлын талаарх судалгаатай танилцав.
АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александр нь Японы Киотогийн их сургуульд Тээврийн математик загварчлалаар докторын зэрэг хамгаалж, Япон, Голланд, Нидерланд, АНУ зэрэг улсад зам тээвэр, хот төлөвлөлтийн төслүүдэд ажиллаж байсан юм. Өдгөө тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Өмнөд бүсийн зам тээврийг 2040 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны төслийг удирдан ажиллаж байна.