Монгол Улсын нийт хүн амын тал буюу 1.6 сая гаруй хүн амьдран суудаг Улаанбаатарын хувьд иргэдээ эрүүл, аюулгүй, чанартай хүнсээр хангахын зэрэгцээ энэ чиглэлд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, бүтээмжийг нэмэгдүүлэх, инновацыг хөгжүүлэх нь нэн чухал билээ. Хүнсэнд улирлын чанартай, гадаад хүчин зүйлээс үүсдэг хомсдол, үнийн өсөлт, аюулгүй байдал гэсэн үндсэн гурван том асуудал бий. Гэхдээ эдгээр асуудлыг эдийн засаг, хууль эрх зүй, бодлогын оновчтой, судалгаанд суурилсан шийдвэрээр шийдэх боломж хангалттай бий.
Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангахад үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжихийг зорьж байгаа юм. Ингэснээр аж ахуйн нэгжүүд зээлийн дарамтаас чөлөөлөгдөж, урт хугацаатай, тогтвортой, бодит хөрөнгө оруулалт авна. Мөн хүнсний сүлжээнд оролцогчдын үйл ажиллагаа өргөжиж, салбарын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах боломж нэмэгдэнэ.