Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэ технологи, инновацыг нутагшуулах, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын сайн туршлага, шинэлэг санааг хуваалцах “UB healthecare week 2022” цогц арга хэмжээг арваннэгдүгээр сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг технологиор шийдэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд технологи, инновацыг нэвтрүүлэх, цахим шилжилтийг өргөжүүлэх зорилгоор өдөрлөг, үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна. Мөн шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үр дүнтэй, хүртээмжтэй шийдлийг санал болгож буй аж ахуйн нэгж, компаниудын үзэсгэлэнг зохион байгуулж, иргэдэд энэ талаар мэдээлэл өгч байгаа юм.
Өдөрлөгийн үеэр нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-уудыг шалгаруулан, өргөмжлөл гардууллаа. Хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулахад идэвх зүтгэл, санаачилга гарган, нийгэм, хамт олны төлөө ажиллаж, бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн, архи, тамхигүй орчин бүрдүүлсэн зэрэг 68 үзүүлэлтийг хангасан 15 байгууллага, иргэнийг тодруулан урамшуулсан юм.