Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов. Мөн олон нийтийн төлөөлөл болж “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд санал бодлоо хуваалцсан юм.
Улаанбаатар хотын 458 мянган га нутаг дэвсгэрт 1.6 сая хүн амьдарч, 665 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн судалгаагаар тээврийн хэрэгсэл жилд 70.000-80.000-аар нэмэгдэж байгаа. Улаанбаатар хотыг анх 600 мянган хүнтэй байхаар төлөвлөж байсан ч өдгөө хүн ам гурав дахин нэмэгдсэн тул төвлөрөл, түгжрэл тулгамдсан асуудал болоод буй. Тийм ч учраас түгжрэлийг бууруулах гарц, шийдэл, үүнд олон нийт хэрхэн хувь нэмрээ оруулах тухай ийнхүү хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.