УОК үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойн өдөр ээлжит 22 дугаар хурлаа өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.
Монгол Улсын хэмжээнд коронавируст цар тахлын халдвар авсан 141 хүн оношлогдож 33 нь эдгэж, 108 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж, гадаад улс орнуудад 32 иргэн коронавирусээр өвчилсөн нь тогтоогдож, эмчлэгдэж байна. Манай улсад бүртгэгдсэн тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн орж, ирсэн бөгөөд дотоодддоо халдвар тархаагүй дэлхийн цөөн улсуудын нэгэнд тооцогдож байна. ДЭМБ болон бусад мэргэжлийн байгууллагууд уг халдварт цар тахлаас хохирол багатай гарах сонгодог арга нь урьдчилан сэргийлэлт хэмээн зөвлөж, үүний тод жишээгээр манай улсыг нэрлэж байна. Иймд цаашид ч урьдчилан сэргийлэлтээ үргэлжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд дахин онцолсон.Эдгээр мэдээлэл танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаварыг УОК-ын гишүүд, ард иргэддээ чиглэл болгосон юм.
Улсын онцгой комиссын гишүүд, холбогдох байгууллагуудад:
1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтийг зохион байгуулах;
2. КОВИД-19 халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарахыг дахин сануулмаар байна;
3. Улс, нийслэл, аймгийн түвшинд КОВИД-19 халдвар тархах эсрдлийн үнэлгээг тогтмол үе шаттай хийж, эрсдэлд суурилсан төлөвлөгөөг нь тухай бүрт тодотгож, нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжилтийг зохион байгуулах;
4. Халдварын болзошгүй эрсдэлт нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, бүх түвшинд дайчилгаа зохион байуулах бэлтгэлийг хангах;
5. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор холбогдох заавар, зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд өгөх;
6. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, эрүүл ахуйн ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Амны хаалтаа зүүцгээе” аяныг үргэлжлүүлэх;
7. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл, мэдээллийн байгууллагууд хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх;
8. Өндөр эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй нийт төрийн албан хаагчдад болон тэдний гэр бүлд дэмжлэг туслалцаа, шагнал, урамшуулал олгоход онцгой анхаарч ажиллах;
Иргэд олон нийтэд:
1. Бид сахилга, дэг журамтай байж, энэ аюулт халдвараас өөрсдийгөө хамгаална. Иймд иргэн бүр хувийн ариун цэврээ сахиж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг хатуу мөрдөх хэрэгтэй.
2. Төр засаг үүргээ гүйцэтгэж, гадаад улс орнуудаас иргэдээ үе шаттайгаар татан авч ирж байна. Цаашдаа ч манай Засгийн газар иргэдээ татан авчирна гэсэн байр суурьтай байгаа.
3. Оюутан, залуучууд хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссон энэ үед цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ном, сурах бичиг, цахим эх сурвалжийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх.
4. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулах, олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж уриалсан юм.
Найм дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдсон хэвээр байна. Түүнчлэн цаг үеийн байдал, хөрш болон дэлхийн улс орнууд дахь цар тахлын тархалт, дэгдэлт болоод бусад судалгаанд үндэслэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг УОК-ын Шуурхай штабаас гаргасныг УОК-ын гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлуулахаар тогтов.